хэлэлцээний тухай
"Хамтын гэрээ" гэдэг нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог хэлнэ.
Хамтын гэрээг талууд хэлэлцээ хийх замаар байгуулна. Хамтын хэлэлцээ нь аж ахуй нэгж, байгууллага болон ажилтны төлөөлөл хоорондын харилцан хүндлэл, хамтын ажиллагаа, ойлголцолд бат суурилдаг. Энэ үйл явц нь зүгээр нэг албан журам төдий биш, харин ажилчдынхаа сайн сайхан байдал, сэтгэл ханамжийг нэмэгдүүлж шударга, харилцан тохиролцсон нөхцөлүүдийг баталгаажуулахын зэрэгцээ бизнесийн үйл ажиллагаанд тулгарсан сорилтуудыг харгалзан өсөж хөгжиж, тогтвортой байдлаа хадгалахад чухал механизм билээ.
Хэлэлцээ нь ажилтнуудын хэрэгцээ шаардлага болон байгууллагын зорилтод нийцсэн урьдчилсан зөвшилцөлд хүрэхэд чиглэсэн санал солилцох, хэлэлцэх тавцан болдог.
- Эхлүүлэх: Ажил олгогч эсвэл үйлдвэрчний эвлэлээс албан мэдэгдэл өгснөөр хэлэлцээ эхэлнэ. Хоёр тал гишүүдийн тоонд үндэслэн хэлэлцээнд оролцох төлөөллийн тоогоо тодорхойлно.
- Бэлтгэл: Талуудын төлөөлөгчид хамтын хэлэлцээ эхлэхийн өмнө тухайн хэлэлцээний дэгийг тохиролцож, бичгээр, эсхүл цахим хэлбэрээр баталгаажуулж мөрдөнө. Гол асуудлуудыг тодорхойлж, ач холбогдлоор эрэмбэлнэ. Хуулийн зөвлөгөөгөөр Монгол Улсын хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг магадална.
- Хэлэлцээний хурал уулзалтууд: Хэд хэдэн удаагийн хурал уулзалтаар санал солилцож, хэлэлцүүлэг хийнэ. Гарцаагүй байдалд орвол хөдөлмөрийн зуучлал оролцуулж болно. Хамтын хэлэлцээ хийх явцад талууд харилцан тохиролцсоноор хөндлөнгийн шинжээч, зөвлөх, мэргэжилтэн урьж оролцуулж болно.
- Маргаан шийдвэрлэх: Талууд зөвшилцөлд үл хүрэх тохиолдолд маргааныг хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулах журмаар шийдвэрлэнэ.
- Төсөл боловсруулах ба батлах: Урьдчилсан зөвшилцөлд хүрсэн тохиолдолд ажилтан (ихэвчлэн үйлдвэрчний эвлэлийн гишүүд санал өгөх замаар) ба ажил олгогчийн зүгээс үүнийг зөвшөөрч батална. Мөн хуулийн байгууллагаар хамтын хэлэлцээг баталгаажуулснаар тухайн гэрээ хуулийн хувьд хүчин төгөлдөр болж, хоёр тал гэрээнд заасны дагуу хэрэгжилтийг хариуцна.
- Хэрэгжилт: Гарын үсэг зурсан гэрээг ажилтнуудад мэдээлж, хуулийн дагуу хүчин төгөлдөр болно. Хяналт тавьж, гэрээний нөхцөлүүдийн хэрэгжилтийг хангана.
Хамтын гэрээний хэлэлцээг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу явуулна. Эдгээр хууль тогтоомжоор хэлэлцээний үйл явц шударга, ил тод, хуулийн дагуу, ажилтан ба ажил олгогчийн эрхийг хамгаалсан байдлаар явагдаж буй эсэхийг магадалж баталгаажуулна. Хамтын хэлэлцээнд оролцож буй талууд хэлэлцэж байгаа асуудлаар ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлэх, харилцан ойлголцох замаар тохиролцоонд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байх, тэгш эрхтэй байх, ил тод байх зарчмыг баримтална.
Хэлэлцээний үеийн хууль ёсны үйл ажиллагаа1. Хэлэлцээний сайн жишиг: Талууд хэлэлцээнд үнэн шударгаар оролцоно, өөрөөр хэлбэл тэд зөвшилцөлд хүрэх чин эрмэлзэлтэйгээр хэлэлцүүлэгт оролцох ёстой. Ингэхдээ нөгөө талынхаа саналыг ойлгох, авч үзэхэд зохих хүчин чармайлт гаргана. 2. Зуучлагч ашиглах: Зөвшилцөлд хүрэх боломжгүй тохиолдолд талууд хэлэлцээнд туслуулахаар хөдөлмөрийн зуучлагчид хүсэлт гаргаж болно. Зуучлагч ашиглах нь хууль ёсных бөгөөд үүнийг ашиглан маргааныг удаашруулахаас зайлсхийхийг дэмждэг.
3. Ажил хаялт (Хуулийн дагуу): Ажил хаялтыг зөвхөн хэлэлцээр үр дүнгүй болж, хөдөлмөрийн зуучлал зэрэг хуулийн бусад арга замаар шийдвэрлэх боломжгүй болсон тохиолдолд эхлүүлнэ. Тухайн ажил хаялтыг албан ёсоор Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зарлаж, хуульд заасан бүх шаардлага, журмыг мөрдөнө. 4. Мэдээлэл хуваалцах: Ажил олгогч болон үйлдвэрчний эвлэл нь хэлэлцээний явцад холбогдох мэдээллийг хуулийн дагуу хуваалцах шаардлагатай. Байгууллагын болон хувь хүний нууцлалтай мэдээллийг чандлан сахих.
|
Хэлэлцээний үеийн хууль бус үйл ажиллагаа
1. Хэлэлцээний муу жишиг: Зөвшилцөлд хүрэх чин эрмэлзэлгүйгээр хэлэлцээнд оролцох, зориуд явцыг удаашруулах, эсвэл аливаа саналыг хэлэлцэхээс татгалзах нь хууль бус юм.
2. Албадах буюу айлган сүрдүүлэх: Хэлэлцээний үйл явц эсвэл ажилтны оролцоонд нөлөөлөх зорилготой аль нэг талын аливаа албадлага, айлгах, сүрдүүлэх үйлдэл нь хууль бус.
3. Хууль бус ажил хаялт: (Дараах тохиолдолд тухайн ажил хаялтыг хууль бус гэж тооцно) Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг мөрдөөгүй. Tухайн ажил хаялт хөдөлмөр зуучлал, эсвэл арбитрын шүүхийн үйл ажиллагааны үеэр эхэлсэн. Tухайн ажил хаялт хөдөлмөрийн маргаан таслах үйл ажиллагааны үеэр эхэлсэн. МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 29-р зүйлээс дэлгэрэнгүйтэй танилцана уу.
4. Хуулийн үндэслэлгүйгээр ажлын байрыг түр хаах: Хуульд заасан бүх алхмыг мөрдөөгүй тохиолдолд ажил олгогч ажилтнаар тодорхой нөхцөлийг зөвшөөрүүлэх, эсвэл үйлдвэрчний эвлэлийн эсрэг хариу авах зорилгоор ажлын байрыг түр хааж болохгүй.
5. Мэдээллийн нууцлалын гэрээг зөрчих: Тухайн хэлэлцээний тодорхой хэсгийг талууд нууцлалтай гэж тооцсон тохиолдолд нууц мэдээллийг задалж, нууцлалыг зөрчих нь хууль бус. |